Ардын бор эмчилгээний анагаах чадвар: Хуян, шар ус хурахад

285
0
Хуваалцах:

Ардын бор эмчилгээний анагаах чадвар №02

Хуян, шар ус хурахад:

Шар эсгийг сайн хужиртай усанд удаан буцалгаад боовол сайн.

• Хөл, гар бусад үе мөчид шар ус тогтсон тохиолдолд хятад цайны дотоод бүдүүн шар цаасыг халуун бүлээн усанд сайн уусгаад усны сайн хужир их хийж, тэр бүдүүн цаасаараа боовол тустай.

• Агь зээргэнэ хоёрыг ургаж гүйцэх үед хэрчиж даавуун саванд битүү хатаагаад хэрчиж нүдээд хувь адил устай их тогоонд чанаад, дундуур болоход шаарыг даавуунд шүүж, үлдсэнийг маш тогтуун буцалгаад нэг аяга төдий болгоод даавуунд наалдуулж, аль хуян шар устай газартаа наавал сайн.
• Хужиртай усаар угааж шар усны нүхийг нээж шар тос бүлээн түрхэх.

• Шар усанд зуны туулайн сэвс, элэг, цусыг нийлүүлэн нухаж илгэнд түрхээд шар ус бүхий газарт нааж түрхвээс сайн.

• Шар усанд улаан ямааны үсийг хяргаж аваад шар цавуутай хольж хатаагаад маш нарийн хэрчиж үсгүй болгоод цавуутай хамтатгаж хайлж нааваас маш сайн.

• Шар усанд аливаа бод малын чөмөг ба удаж өмхийрсөн хувхай ачит булууны ясны үнс, бас давс, хятад шар хүжийг адил хувь тэнцүүлж нунтаглаад, аагтай хар цайнд зуурч хэд дахин шавшваас сайн.

• Шар усанд модны давирхайг сайн цавуутай нийлүүлж хольж шавшваас сайн.

• Могойн гээсэн хальсыг хив хадгаар ороогоод гар хөлийн шар устай газраа боох /дан арьсаар нь боож болохгүй/

• Гар, хөлийн шар усанд ямааны өөхийг хуршааж, нухаж шавж боох ба мөн тосыг түрхэж нар буюу галд ээж шингээнэ.

-Бам өвчинд мориор алс газар явж зовоовоос сайн.

-Бам өвчинд цагаан адууны тархийг буцалгаж хэд хэдэн удаа ууваас нэн сайн, цагаан адуу эс олдвоос ямар ч адууны тархи сайн болой.
-Хүйтэн шар ус зуны цагт, халуун шар ус өвлийн цагт хөлдөнө. Бас халуун өвчин нуугдсанаас уламжилж хавдар болбоос лидрийг үхрийн шээсэнд буцалган хандалж түрхвээс маш сайн.

-Шар усанд унины утаа, сайн хужир, үхрийн шээс гурвыг найруулан буцалгаж, шар эсгий буюу ахрын эсгийд шингээн шар ус бүхий газарт ороож боовоос эрх биш сайн.

-Цээж, гар шархирах зэрэгт буйлсын үндэс хожуулыг авч хүйтэн усанд угааж хальсыг цэвэрлэн хэрчиж хатаагаад, цайны ёсоор нүдэн чанаж буцалгаад ихэд самран ууваас цээж гарын өвчинд тустай.

-Шар өвчин эмгэгтэй газарт цагаан тос түрхээд, нүх малтаж түүндээ адууны шар аргалыг утаагаар шарлатал дахин дахин утваас сайн.

-Гар хөлийн шар ус ба битүү хавдарт улаан тамхи, сайн давс, түүхий гурил 3-ыг адил хэмжээгээр найруулаад шавших ба боох сайн.

-Гар хөлийн шар усанд тэмээний сүүтэй сайн хужир зуурч утаатай ахрын шар эсгийд шингээж боовоос маш сайн.

-Модны утаа шингэсэн шар эсгийг нэгэн аяга сайн давс, нэгэн аяга тосон хужрыг найруулан усанд нэг цай чанахын хэртэй буцалгаж тэр эсгийд шингээн бүлээнээр ороож боовоос шар ус өвчин арилах болно. Үүнийг 1-7 хүртэл дараалан үйлдвэл сайн.

-Гар хөлийн шар ус бүхий газарт хятад сармисагны булцгар үрийг хушганы нэгэн тал ясанд хийгээд шар ус бүхий газарт тавьж боохыг нэлээд удтал үйлдвээс шар усыг татаж хавтган цэврүүлж даруй сайн болно.

-Адууны өмхөрсөн хувхай турууг түлж үндсийг нь давстай талхалж архи буюу айргаар зуурч шавшваас эрхэм сайн.

-Шар усанд тэмээний гэдэсний ноосыг хужиртай халуун усанд дүрээд боох сайн.

-Чийг, бамын өвчинд малын уушгийг гүүний сүүтэй ууваас сайн.

Хуваалцах:
error: Content is protected !!