Гудамжинд бие зассан цагдаагийн албан хаагчийг халжээ

175
0
Хуваалцах:

Гудамжинд бие зассан цагдаагийн албан хаагчийг халжээ
Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн үед цагдаагийн албан хаагч олон нийтийн газар бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тэр даруйд ЦЕГ-ын аюулгүй байдлын хэлтсээс асуудлыг шалгаж тогтоосон.

Цагдаагийн ахлагч н.С ажлын бус цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт олон нийтийн газар бие засаж, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн.

Цагдаагийн албан хаагчийн нэр хүндэд харшилсан ийм үйлдэл гаргасанд харамсаж байна. Энэ ёс зүйгүй үйлдэлд албан ёсоор иргэдээс уучлал хүсэж байна.

Уг асуудалд шалгалт явуулсны дүнд алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Олон нийтийн газар бие зассан асуудалд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч байна.

Цагдаагийн төв байгууллагаас алба хаагчийн сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр “Зөв хэвшил” аяныг зохион байгуулж байна. Үүнээс гадна энэ чиглэлээр олон талт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа” хэмээлээ.

Дараа нь ЦЕГ-аас 6000 байлдааны сум хураан авсан гэх хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Эрүүгийн цагдаагийн албанаас өчигдөр хууль бусаар галт зэвсэг, сум худалдан борлуудаг 28-60 насны гурван иргэнийг байлдааны зориулалттай 9 төрлийн 6,605 ширхэг галт зэвсгийн сумыг худалдахаар бэлтгэн авч явсныг илрүүлсэн. Баянзүрх дүүргийн цагдаагийн газар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20-ийн 4-р зүйлд заасны дагуу хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэв.

source: gogo news

Хуваалцах:
error: Content is protected !!