Т.Ариунаа: “Тэнгэр шиг бай” тоглолтоороо та бүхэнтэйгээ уулзахад хэдхэн цаг үлдлээ

33
0
Хуваалцах:

Т.Ариунаатайгаа хаана ч цуг байдаг цахим найзуудынхаа амар амгаланг эрье

“Тэнгэр шиг бай” тоглолтоороо та бүхэнтэйгээ уулзахад хэдхэн цаг үлдлээ.

Та нар минь хайрттайгаа, дотно найзуудтайгаа, гэр бүл, хамт олонтойгоо “Буянт-Ухаа” спортын ордонд хүрэлцэн ирэхэд бэлэн үү?

Т.Ариунаа нь тоглолтын багийнхантайгаа та бүхнийг угтахад хэдийнэ бэлэн болсон  “Тэнгэр шиг бай”… Тийм ээ, энэ их учир бэлгэдэлтэй нэр.

Төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын бүтээлээр дуу бүтээх гэж бид багагүй хугацааг өнгөрүүлсэн. Их найрагчийн хүүдээ зориулж аргадсан, ухааруулсан, сургасан, захисан, бүр заримдаа “ташуурдсан” өнгө аястайгаар туурвисан энэ шүлэгт хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр ая хийсэн юм.

Урлагийн алтан тайзнаа дуу болон амилж буй “Тэнгэр шиг бай” бүтээлийн маань анхны сонсогчид нь та бүхэн байх юм аа. Энэ дууг би амьдралд унаж, босч, ялж, ялагдаж үзсэн бүх хүнд итгэл, сэтгэлийн гал, урам зориг хайрлаасай гэж үнэхээр их хүсч байна.

“Тэнгэр шиг бай” тоглолтоороо би Төрийн соёрхолт яруу найрагч Д.Пүрэвдорж гуайн шүлэг, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ая “Тусгаар тогтнол” дууг анх удаа үзэгчдэдээ толилуулах гэж байна.

Агуу найрагчийн бүтээлээр дуу хийх гэж байгаагаа Б.Шарав гуайд дуулгаж “Аяыг нь танаар зохиолгох гэсэн юм аа” гэдгээ хэлсний дараахан Б.Шарав гуай “Ариунаа, ая бэлэн боллоо. Гэхдээ чи энэ дууг эрэгтэй дуучинтай хамтарч дуулбал зүгээр шүү” гэж зөвлөсөн.

Монголын хөгжмийн ертөнцийн ноён оргилуудын нэг болон мөнхөрсөн эрхэм хүний захиасыг Т.Ариунаа нь биелүүлж үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барих болно оо. Энэ дашрамд намайг дуучин болох зам руу хөтөлсөн ачит аав, энэрэлт ээж, хайрт багш Л.Галмандах, агуу найрагч Д.Пүрэвдорж, О.Дашбалбар, авьяас билэгт хөгжмийн зохиолч Б.Шарав нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж мэхийн ёсолъё.

“Тэнгэр шиг бай” тоглолтын бүхий л бэлтгэл ажлуудыг өдөр, шөнөгүй хийж, “Үзэгчдэдээ сайхан тоглолт үзүүлэхсэн” гэж ихээхэн сэтгэл, зүтгэл гаргаж яваа хайрт хань Г.Буяндорж, тоглолтын багийнхан болон арын албаныхан гээд халуун эрч хүчтэй залуустаа Т.Ариунаа нь “Баярлалаа” гэж хэлье.

 

Төдийгөөс өдийг хүртэл надтай нэгэн халуун амь болон нэгдсэн та нараараа маш их бахархаж байна.

Залуустаа би амласан шүү дээ. “Буянт-Ухаа”-д бүгдээрээ бут авцгаана аа” гэж 🙂 Тоглолтын маань зохион байгуулагчид, арын албаныхан та нарыг тайзны дэргэдээс надтай хамт дуулж, бүжиглэх боломжоор хангасныг дуулгая.

 

Тоглолтод маань “Хар сарнай”-н Амараа, “Хар тас”-ын Марка, дуучин Дэлгэрмөрөн, ICE TOP хамтлагийн Манлай, Motive хамтлагийн дуучин Ганбаа, жүжигчин Бархүү нар хүрэлцэн ирж нэгэн үдшийг хамтдаа доргиж өнгөрүүлнэ.

Мартсанаас та нар миний пэйжээс харж амжсан болов уу, яасан бол. “Тэнгэр шиг бай” тоглолтыг маань зорин ирэх та бүхнийгээ “Буянт-Ухаа” спортын ордон руу үнэ төлбөргүй зорчуулахаар Авто тээврийн үндэсний төвийнхөн маань сэтгэл гарган ажиллаж байгаа шүү.

Бидний ажлыг дэмжиж, үзэгчдийг маань хүндэтгэж ийм үйлчилгээг үзүүлэх гэж буй тус төвийнхөнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Алив найзууд аа, автобуснууд хаанаас хэзээ хөдлөхийг миний пэйжээс хараарай. За, орой уулзацгаая, түр баяртай 🙂

Хуваалцах:
error: Content is protected !!