Отгон топ моделиор Д.Долгион тодорлоо

33
0
Хуваалцах:

Гоёл 2020 наадам шилдгүүдээ шалгарууллаа

1988 онд Монголын томоохон үйлдвэрүүдийн зохион бүтээх товчооны дизайнерууд нэгдэн багахан хэмжээний шоу зохион бүтээсэн нь өнөөгийн загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл” наадмын үндэс байжээ.

Үүнээс хойш жил бүр зохион байгуулагдаж 32 дахь жилтэйгээ золгосон “Гоёл” наадам өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-нд Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө.

Отгон топ моделиор Д.Долгион тодорлоо
Үзэгчид төдийгүй загвар өмсөгчид, загвар зохион бүтээгчдийн хамгийн хүсэн хүлээдэг мөч бол отгон “Топ модель”-ийг тодруулах торгон агшин. Энэ жилийн хувьд О.Энхжин, Д.Долгион нар топоор шалгарах хамгийн өндөр магадлалтай загвар өмсөгчдөөр нэрлэгдэж байсан бөгөөд үзэгчдийн таамаг ч хол зөрсөнгүй.

Загвар өмсөгч Д.Долгион хамгийн отгон “Топ модель”-оор шалгарч авьяас, чадвараа үнэлүүлсэн юм.

Тийм ээ, өнөөдөр гоёлоор долгиолсон үдэш байлаа. Түүний хувьд 13 дахь жилдээ “Гоёл” наадмын тайзнаа алхаж буй нэгэн.

Дэлхийд чансаагаараа нэгт бичигддэг “Miss Universe” тэмцээний хамгийн анхны Монгол оролцогч болсон тэрбээр “Miss Mongolia 2012”-ийн тэргүүн мисс, “Гоёл 2017”-ийн шилдэг загвар өмсөгч,“World Super Model 2017” тэмцээний Special Awards номинацийн эзэн.

Мөн дэлхийд алдартай “New York Couture”, “Washington DC” зэрэг загварын долоо хоногуудад оролцож эх орноо амжилттай сурталчилж байсан туршлагатай загвар өмсөгчдийн нэг.

Түүнийг тайзнаа гарч ирэх бүрд үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авч байсан нь хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн топ модель гэдгийг нь эрхгүй баталж байлаа.

Түүний топ моделийн шагналыг 2019 оны топ моделиор шалгарсан Н.Сарнай гардуулан өгсөн бөгөөд үе үеийн топ моделиуд түүнд хүндэтгэл үзүүлсэн юм.

Өв тэгш гэж хэлж болохуйц отгон топ модель Д.Долгион ““Гоёл” наадам маань Монголын хамгийн том загварын наадам гэж хэлж болно. 32 жилийн түүхтэй энэхүү наадмаасаа “Отгон топ модель” гэх цол аваад маш их баяртай байна.

Мэдээж тэмцээн уралдаанд орж байгаа тамирчин болгон өөрсдийн бэлтгэлийг хангаж байгаа.

 

Миний хувьд “Гоёл” наадамд 13 дахь жилдээ орж байна. Тэгэхээр энэхүү наадам маань миний хамгийн хайртай гэр бүлийн маань нэг юм болов уу гэж боддог юм. Энэ наадамдаа оролцох нь өөрөө загвар өмсөгч бидний хувьд чухал, нэр хүндтэй зүйл байдаг. Хувийн бэлтгэлээ сайн базааж, амжилттай оролцохыг хичээсэн” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Ийнхүү 32 дахь удаагийн “Гоёл” наадам амжилттай зохин байгуулагдаж дууслаа. Наадам дууссаны маргаашаас эхлэн дараа жилийн “Гоёл” наадамд бэлдэж эхэлдэг загвар өмсөгчид дундаас хэн нь отгон “Топ модель” болж, дизайнерууд дундаас хэн нь шилдгээр шалгарах бол гэдэг хүлээлт энэ мөчөөс эхлэн үүсэж эхэллээ.

Хуваалцах:
error: Content is protected !!