Б.Эрдэнэтуяа:Мэхийж яв тэнгэртээ мэхийж яв

200
0
Хуваалцах:

МЭХИЙЖ ЯВ МӨНХ ТЭНГЭРТЭЭ МЭХИЙЖ ЯВ!

Өлсгөлөнд нэрвэгдэхгүй өнөр олон малтай билээ

Өрөнд баригдахгүй өв их баялагтай билээ

Өвчинд дарлуулахгүй өлчир чийрэг биетэй билээ


Өнгөнд шунахгүй өгөөмөр баян ухаантай билээ!

Өшөөтөнд ялагдахгүй өрлөг их дайчидтай билээ

Өгөөшинд хууртахгүй өнө эртний мэргэдтэй билээ

Өвсөнд мансуурахгүй суу билигт хөвгүүдтэй билээ

Өр зүрхээ худалдахгүй сэцэн гоо охидтой билээ

Өвдөг сөхрөхгүй өгсөж явах заяатай билээ

Өмсөхөөр дутахгүй өнгөлөг явах буянтай билээ

Өлзий тасрахгүй өнөд мандах ерөөлтэй билээ

Өлмий туйвахгүй түвшин орших тавилантай билээ!

Өвгөдөөс үлдээсэн өлгий сайхан нутагтай билээ

Өртөөлөөд өгсөн өндөр дээд төртэй билээ

Өрдөөд уламжилсан өөдөө бадрах галтай билээ

Өргөмжлөөд тахисан өнгөт алтан сүлдтэй билээ

Ёр хорыг дарах есөн шидийн ерөндөгтэй билээ

Ёс жамыг зохируулах ерэн есөн тэнгэртэй билээ

Ертөнц дэлхийг гийгүүлэх өргөл хайрын

ундрагатай билээ

Ерөөл билгээр дэлгэрэх есөн эрдэнийн голомттой билээ

Манаж яв тэднийгээ манаж яв

Манцуйлж яв эрдэнэсээ манцуйлж яв

Мандуулж яв эх орноо мандуулж яв

Магнайлж яв энэ дэлхийд магнайлж яв

Мэдэж ав мөн чанараа мэдэж ав

Мэхийж яв мөнх тэнгэртээ мэхийж яв

Мөргөж яв өвгөд дээдэстээ мөргөж яв

Мөнхөд бадар өндөр заяандаа мөнхөд бадар!

Б. Эрдэнэтуяа

2020.2.12

 

Хуваалцах:
error: Content is protected !!