Сэтгүүлч Г.Тэгшжаргал: Инээх чадамжгүй хүн инээх албагүй

92
0
Хуваалцах:

ИНЭЭХ ЧАДАМЖГҮЙ ХҮН “ИНЭЭХ” АЛБАГҮЙ…

Нэг ийм явдал болов. 3 сарын 17-ны өдөр “Алганы хээ” ток шоуны инээдмийн баярын дугаарт МАСК продакшны МУГЖ М.Баярмагнай зочноор оролцсон юм. Тэрээр бичлэг дууссаны дараа манай найруулагч бид хоёрт хандаж:
– “Хошин урлагийнхан бүгд нийлж хандивын тоглолт хийвэл ямар вэ?” Та хоёр чадах уу?
бид 2 шууд л…

– чадна ахаа, тэгэе…

ийм яриа болоод бид бичлэгээ дуусгав. Магнай ах гэхдээ “бүгд цуглана гэж ах нь амлаж чадахгүй, эхлээд би Заанаа ах, МС ах хоёртойгоо зөвлөнө, дараа нь бусаддаа хэлнэ. Хүлээж байгаарай” гээд явсан. Харин тэр хооронд манай найруулагч бид 2 захиралдаа танилцуулаад “хэдүүлээ зохион байгуулаад үзэе” гээд л дайрсан нь тэр.

Коронагаас үүдэлтэй хөл хорио үргэлжилж байсан тэр үед МАСК-ын 3 ах эхэлж зөвшөөрөөд, 3 сарын 24-ний орой бид хошин урлагийн 7 продакшны удирдлагуудад урилга хүргүүлж 6 нь цугласнаар 4 сарын 1-нд инээдээр үзэгч түмэндээ бэлэг бария гэсэн нэгдсэн шийдэлд хүрлээ. Бидэнд ердөө 6 хоногийн л зай байсан юм. Тайзны ард, уран бүтээлд ажиллаж үзсэн, эсвэл байгууллагынхаа ой, шинэ жил, хүлээн авалт гээд ажлыг гардаж хийж үзсэн хүмүүс энэ хугацаа ямар давчуу вэ гэдгийг ойлгоно. Зүгээр л зурагт үзээд хэдэн пост шивдэг хүмүүс бол үүнийг ойлгохгүй байсаар нөгөө ертөнц рүү одох бизээ. Ингээд 6 продакшн бэлтгэл ажилдаа орж, С1-ийн хамт олон дамжуулалтын ажилдаа оров. Энэ 6 хоногт доор зурганд байгаа нэр бүхий хүмүүс бараг унтаагүй ажилласан шүү. Энд нэг зүйлийг зориуд цохмоор байна.

Хандивын тоглолт гэж бид эхэлсэн юм. Гэтэл хошин урлагийнхан маань “ХҮН БҮР ТАЛХНААСАА ӨӨР ЗҮЙЛД МӨНГӨ ЗАРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ ЦАГ ҮЕ БАЙНА. БИД БҮХ ЮМАНД ИЛ БОЛОН ДАЛД ХАНДИВ ӨГДӨГ. ЭНЭ УДАА ҮЗЭГЧИДДЭЭ ЗҮГЭЭР Л САЙХАН ТОГЛОМООР БАЙНА. ИРГЭД ХАНДИВ ӨГӨХ НЬ БҮҮ ХЭЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ Ч ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ШИГ БАЙНА. ИЙМ ҮЕД БИД ЮУ БАЙНА ТҮҮГЭЭРЭЭ, ЧАДДАГ АЖЛААРАА БЭЛЭГ БАРИЯ” ийм санаачилгыг тэд гаргаж, санал нэгдсэнээр #Инээдээр_дархлаагаа_дэмжье хэмээх тоглолт хийгдэхээр болсон юм.
Би бол хөндлөнгийн жирийн нэг сэтгүүлч. Өмнө нь жүдогийн болон дууны тоглолт, киноны нээлт дамжуулж байснаас хошин урлагийн тайзны тоглолт шууд дамжуулж байсан туршлага үгүй. Гэтэл хошин урлагийнхан маань нэгдмэл хийгээд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, нэгнийхээ үгийг сонсож, нэг зорилго тавьсан бол түүндээ хүрэхээр хичээдэг улс юм гэдгийг энэ 7 хоногийн хугацаанд хангалттай мэдрэв. Нэг хамтлаг бэлтгэлийн үеэр тайзан дээр бараг 3 цаг орчим тасралтгүй ярьж байж 6 номер хүргэлээ.


Яагаад заавал инээнэ гэж….

Яагаад заавал бүгдэд таалагдах ёстой гэж…
Яагаад заавал зурагт үзээд муулсан пост цацаж дур тавина гэж… Аргагүй шүү дээ, байгаадаа сэтгэл нь цаддаггүй, заавал муулж байж санаа нь амардаг нэг тийм муухай монгол зан хүмүүст бий. Азаар олон биш юм билээ. Зүгээр л өөрөө чадахгүй, хийсэн бүтээсэн онцын сонингүй хүмүүс бусдын хийсэн дээр дөрөөлж “од” болох гэж зүтгэн, олны анхааралд өртөх гэж чичирдэгийн нэг жишээ. Энэ бол үзэл бодлоо илэхийлж, хэнийг юу ч гэж хэлж болдог нээлттэй сошиэл талбар.

Ер нь байна аа, Та гэртээ байгаа. Таны удирдлагыг бид авч далд хийгээгүй. Заавал үзээдэх гэж гуйгаагүй. Техникийн хөгжил, хүний сонголт гэдгийн хамгийн сайхан нь энэ биш гэж үү… Сувгаа солиод л уур бухимдал тань солигдоно. Гүйцээ. Хүсвэл пүүзний болон азын сугалаатай лайваа ч үзэж болно. Сонголт гагцхүү таны гарт…

ТОГЛОЛТЫН САНАА БА БУСАД…

Сошиэл хөгжсөн энэ нийгэмд нэг сайхан нь юу вэ… Хүн бүрийн хүсэл сонирхолыг уншиж болно. Аливаа зүйл дандаа магтаалтай байвал шал утгагүй, ямар ч амтгүй. Гай болж нөгөө шууд дамжуулалтын үзэлт нь сошиэлд рекорд эвдэж 3 цагийн дотор 1,2 сая хандалт авав. Хандив авахгүй яасан юм… гэдгээс эхлээд хошин урлагийн хөгжилд үг нэмж, үйл хөдлөлийг нь заасан пост, сэтгэгдэлүүд хөвөрсөн. Үүний хажуугаар Италид байгаа монголчууд нэгнийдээ цуглаад бөөнөөрөө үзсэн, Канадад байгаа Монголчууд цугларч үзсэн, цагийн зөрүүтэй орнуудад буй Монголчууд унтаж байсан ч сэрүүлэг тавиад үзсэн гэх сэтгэгдэлүүд ч ирж байв. Бас бусдын оюуны болон видео контентыг хулгайлаад хээв нэг постолдог “админ” нэртэй увайгүйчүүд ч ажиллаж байв.

Миний харснаар: 6 продакшн 6 өөр сенментэд асуудал хүргэсэн юм. Урлагийн зорилго тэр шүү дээ. Нэг бол сэтгэлийн таашаал өгнө, нөгөө бол тайзан дээр нийгмийн асуудлыг хөндөнө. Бүх монголчууд гэртээ, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй энэ өдрийн зорилго сегмент бүрт мсж өгч, сэдэл төрүүлэх зорилгыг агуулсан гэдгийг дахин хэлье.

1. МАСК-Англи хэлний хичээл: Энэ номерыг дуустал нь үзсэн хүмүүст бол сум орон нутгийн хөгжилд цавчаа хийдэг засаг дарга, удирдлагууд хэрхэн буруу шийдвэр гаргаж, төсвийн мөнгийг салхинд хийсгэдэг вэ? иргэдийн үг “төр” гэсэн үгний өмнө хэрхэн хүчгүйддэг вэ гэдгийг л харуулах зорилго агуулж…

2. Өнгөт Инээд- Богтлогдсон бүсгүй: Энэ бол цэвэр хөгжилтэй үзүүлбэр: Энэ үзүүлбэрийг үзээд солонгос кинотой хэрэлдэж суусан тэнгэрийн оронд буй миний эмээ нүдэнд харагдсан. Тайзны үзэгдэл болон телевизтэй асуудал ярьж суудаг аав ээж, эмээ өвөө хэн нэгний гэрт байдаг бол тэр хүмүүс хөгжилтэй энэ үзүүлбэрийг төвөггүйхэн ойлгоно.

3. Эмоци-КӨСЕМ. нас залуу Эмоцийн энэ үзүүлбэр багийн ажиллагааг балладаг, бусдынхаа ажлыг хараагүй, судлаагүй хүмүүс бүхэл бүтэн багийн хөдөлмөрийг хэрхэн самардаг вэ гэдгийг товчхондоо харуулсан. Багаар ажиллаж, багаар хүн амжилт бүтээдэг гэдгийг сануулсан үзүүлбэр гэж би ойлгосон.

4. Аглуу энтертайнмент-Босс. Энэ бол өдгөө 461 болон бусад хорих ангиудаас төр болон бизнесийг удирдаж, гар хөлөө бүрдүүлж, хамага ажлаа амжуулж суудаг төрийн өндөр албан тушаалтнууд болон мөнгөтэй хүмүүсийг харуулсан зэвүүн үзүүлбэр байв. Үзсэн хүмүүс нь нэгийг бодоо бизээ. Эцэст нь хууль тэгш үйлчилдэг гэдгийг сануулсан билээ.

5. Шинэ үе-Хүү. Энэ номерийн санаа байна аа, хүний ганц хүүхдүүдийн ганцаардал, шаналал хийгээд төрсөн нутаг ус, эх орноо битгий март гэсэн санааг дуугарч, тив дэлхийд байгаа монголчууддаа зориулжээ хэмээн харсан юм.

6. Мөрөөдлийн театр-Мичнүүд… шоу драм. За энэ үзүүлбэрийг өөрийгөө урлагийн акул гээд бодчихсон хүн аймаар шүүмжилж бичсэнийг уншаад хөх инээд хүрч, хөхний сүү урссан шүү. хэхэ. Францын зохиолыг Монголд тайзнаа тавьсан Мөрөөдлийн театрын залуусыг баалж “дур тавьсан” байна билээ. Дэлхийн тайзнаа тоглогдож, тэр чинээгээрээ нийгэмд дуугарсан зохиолыг монгол продакшн оюуны өмчийн эрхтэйгээр аваад тавьсан байхад “зохиолыг нь хэн бичвээ” гэчихжээ. хэхэ. Өөрөө зохиолоо зарах юм байхаа. Үнэхээр супер зохиол бичвэл тэд ч гэсэн аваад тавих л байлгүй дээ. Тэгээд ч сескгүй нийгэм, эрхтэнгүй эрэгтэй хүн гэж хаана байгаа юм. 20 цагт л “хүүхдүүдээ унтуулаарай, бид +18 тоглоно гэж Сөрөлт сануулга өгсөн шүү дээ” тийм байтал л хүүхэдтэйгээ үзсэн энэ тэр гээд гомдол мэдүүлж энэ тэр… Зүгээр л хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж харахгүй, “ХҮН” гэж хүлээж аваач гэдэг МСЖ-ийг нийгэмд өгч, тэдний амьдралын томхон сэдэв болсон зовлон жаргалыг дуугарсан юм билээ.

За ийм л нэг тоглолтыг хүргэсэндээ хэсэг Монголчууддаа магтуулж, нөгөө хэсэгт нь муулуулсан билээ. Телевизийн дамжуулалтын хувьд алдаа оноо байсан биз. Гэхдээ яахав тайз, дэлгэцийн хүмүүс нийлээд дэлхий нийтээр тархсан өвчний үед үзэгчиддээ зориулсан контент үзүүлэе гэж л хичээсэн. Бидэнд бариад зогсох бэлэн мөнгө байхгүй тул аль аль талаасаа нийлж чаддаг уран бүтээлээрээ бэлэг бария л гэсэн нийгмийн шинжтэй нэг зорилго байсан юм. Намын аян шиг засгаасаа мөнгө авсангүй, өр зээлтй иргэддээ хандив өгөөч гэж дарамт учруулсангүй, зүгээр л юу байна, түгээрээ гэсэн зорилго байснаас өөр элдэв санаа үгүй. Тэр зорилго хэрхэн биелсэнийг үзэгчид л шүүнэ.

+18

Зах замбараагүй +18 ярьдаг, бас алкохолный халаалттай үед тоглодог комедиг хошин урлаг гэдэг 30 гаруй жилийн түүхтэй том тогоотой холих хэрэг байхгүй л болов уу. Комедианчууд өөр. Тэнд урлагийн биш өөр салбарын залуус нийгмийнхээ болон өөртөө тулгарсан асуудлаа хошноор, баарны орчинд, бага зэргийн халаалттай хүмүүст хүргэдэг гэдгийг бид бүгд мэднэ. Гэсэн ч өөр өөрсдийнхөө жамаар, замаар нийгэмд өгөх үүргээ өөр өөрөөр гүйцэтгэж яваа 2 салбарыг хольж хутгаж манараад, тэрэндээ нийтлэл бичиж таашаал авч байгаа бол таныг уран бүтээлч, урлаг ойлгодог, урлагийн төлөө чин сэтгэлээсээ санаа зовнин дуугарч буй хүн гэж хэлэхэд хэцүүхэн юм.

Дахиад хэлье 10-аас дээш хүн цуглуулаад арга хэмжээ хийгээд үз. 10-аас дээш хүнд зориулаад 10 минутын контент хийгээд үз… ойлгоно. Энийг ойлгож мэдрээгүй хүмүүс муулж “ДУР ТАВИХААС” өөр юм хийж чадахгүй. Нээрээ шүү.

Харин ч үг дааж сурсан, тэгсэн ч байгаа боломжоороо үзэгчиддээ бүтээл хүргэж сурсан, үзэгчдээ хүндэлж сурсан хошин урлагийнхны хүсэл зорилгыг мохоох биш, талархалын үг чулуудах ёстой байтал урлаг гэх салбартай ойрхон, бас манай салбарт мөр зэрэгцэж яваа хүмүүс голдуу барьж идэж, бах таваа хангажээ. Өрөвдөлтэй юм. Үнэхээр сэтгэл байсан бол өөрсөд рүү нь утас цохиод болж бүтэхгүй байгааг нь хэлээд, боломжоороо санаа оноо хуваалцах байтал пост бичиж дэмийрээд, сэтгэгдэлүүдээ уншиж сэргээд байгааг ойлгосонгүй ээ.

Өвчний үед нэгдэж чадсан, хэдэн сар цалингүй, орлогогүй, тайзнаа гараагүй ч хүрч ирээд тус дэмээ үзүүлсэн ХОШИН УРЛАГИЙНХАНДАА баярлалаа. Тэр шүүмж бичээд байгаа хүмүүс дээр очоод хошин зохиолыг нь аваарай. Элгийг нь аваад өгөе л гээд байна лээ шүү.

Сэтгүүлч Г.Тэгшжаргал

Хуваалцах:
error: Content is protected !!