СЭМҮТ-өөс Т.Билэгжаргалыг сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэжээ

45
0
Хуваалцах:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Билэгжаргад холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:

Шүүгдэгч Т.Билэгжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт зарласан бөгөөд шүүх хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 220 дугаартай шинжээчдийн дүгнэлтэд “…Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч Т.Билэгжаргалд хийсэн шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дахин гаргах шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 13-ны 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хуваалцах:
error: Content is protected !!