Р.Эмүжин: Сайн хүний үрс сайн явахыг харах сайхан

32
0
Хуваалцах:

Р.Эмүжин: Сайн хүний үрс сайн явахыг харах сайхан…

Давааням заантай ярилцлага хийхээр утасдлаа. Гүйгээд ир, ажил дээрээ хүлээж байя гэж утасны цаанаас хүнгэнэж байна. Нутгийн сүрлэг ахтай миний бөх ярьдаг гэж юу байхав. Хүн, хүн байхын утга учир, хүнээрээ үлдэхийн гайхамшгийн тухай ярилцаж билээ.

Анх удаа бөх хүнээс яриа авсныг ч хэлэх үү, гар нь нүдэнд содон тусч , хүрз шиг юм аа гэж бодсоноо санаж байна. Нэг их том, дулаахан гартай, хүнгэнэсэн дуутай сүрдмээр том хүн миний дурсамжинд үлджээ.

Цалингаасаа 50 орчим мянган төгрөгийг ном, сонинд зориулдаг, уншсан болгоноо хүүхдүүддээ ярьж өгдөг, заримдаа хэтрүүлээд 80-100 мянган төгрөгөөр хэвлэл захиалчихаад эхнэртээ зэмлүүлдэг гээд л эгэл жирийн, энгийн сайхан яриа хөвөрсөн. “Хэдэн малынхаа ноолуурыг авчраад цөөн цааснаас өгчихнө, амьдралд жийрэг болно.

Юмтай хүний дэргэд юмгүй, юмгүй хүний дэргэд юмтай, сэтгэл байхад болдог юм даа. Бага хүү маань сумод барилдаж байгаа, удахгүй эх орон руугаа бөөн доллар зөөнө ха ха” гээд л хүр хүр инээнэ.

-Хүн өтлөх тусмаа л ханиа хайрладаг юм байна гээд л хэтэвчээ гаргаж, нэг их гоё эгчийн зураг үзүүлээд л…хүн ёс, жудагтай орших тухай энгийн сайхан хүүрнэсэн дээ.
-Манайх зургаан гаригтай.

Би Давааням, эхнэр Мягмарсүрэн, хөвгүүд маань Баасан, Лхагва, Бямбадоржууд гээд л…эцэг хүний бахархал, бас гэр бүлээ гэсэн сэтгэл үнэртээд л. Бас их шооч, мэдрэмжтэй.

Ярилцлага хийж суугаа намайг ч явуулаад, өөрийгөө ч шоглоод амжина. Харин өнөөх бага хүү өдгөө эрийн цээнд хүрчээ. Арлын оронд амжилттай барилдаж, аавынхаа хэлснээр ард түмэндээ бүрэн тоноглосон 19 түргэн тусламжийн машин, дөрвөн гал унтраах машин бэлэглэв.

Аав нь хөдөө газар осолд орж, тусламж авч чадахгүй байсаар сумын эмнэлэгт өнгөрсөн болохоор Харумофүжи аварга ард түмэндээ дутсаныг нь өгч, дундуурыг нь тэгшлэх гэж энэ үйлсэд зүтгэдэг юм билээ.

Сайн хүний үрс сайн явахыг харах сайхан. Өндөр их Алтайн сүлдтэй аавын хүү, өврийн сайхан хангайн сүүтэй ээжийн унага даа. Р.Давааням зааны ” Хүн сайн бөх байж болно.

Гэхдээ өөр бусад салбарт, нийгмийн харилцаанд оролцохдоо сайн бөх гэдгээрээ бүгдийг барж туулах гээд байж болохгүй” гэж хэлснийг зарим бөхчүүд рүү хашгирмаар санагддагаа нуухгүй ээ.

Хуваалцах:
error: Content is protected !!