Д.ЭНХСАЙХАН: Ирэх жил будлиангүй наадъя гэвэл хурдан морьдыг сэрвээгээр нь хэмжих хуулиа одоо л батлах хэрэгтэй

3
0
Хуваалцах:

Өвлийг өнтэй давна гэдэг малчдын хувьд асар их хүч, тэвчээр шаардсан хүн хөдөлмөр. Ялангуяа энэ жилийнх шиг олон аймагт өвөлжилт хүнд байгаа үед малчид отор нүүдэл хийхээс эхлүүлээд өвс, тэжээлийн хүчээр өвлийг давдаг. Манай сурвалжлах баг өвөлжилтийн нөхцөл байдал, малчдын ахуй амьдрал ямар байгаа талаар цуврал сурвалжилга бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад Ховд аймгийн хэмжээнд өвөлжилт ямар байгаа талаар малчдаас тодрууллаа. Ховд аймгийн хувьд зуншлага сайхан байсан ч цас их орсноос үүдэн өвөлжилт хүндэрч ихэнх нутгаар зузаан цасан бүрхүүл тогтжээ. Арга барсан олон малчин өрх отроор өвөлжиж байна. Тэдэнд тулгамдаад байгаа зарим асуудлын талаар Ховд аймгийн уяачдын холбооны хяналтын албаны дарга Д.Энхсайхантай цөөн хором ярилцлаа.

-Ховд аймагт энэ жил өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй байх шиг байна. Нөхцөл байдал хэр байна вэ?

Өвөлжилтийн байдал хүнд байгаа ч уяачид ирэх жилийн наадам буюу Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор уралдуулах хурдан мордио бэлдэж эхэлсэн. Гэвч зуд турхантай байгаа энэ үед уяачид мордио бэлдэхэд хүндрэлтэй болоод байна. Ядаж байхад наадмаар эрлийз морь гээд уралдуулахгүй хасагдчихдаг тохиолдол ч их гарах болсон. Тиймээс ирэх жилийн наадмаар уралдах морьдыг сэрвээний өндрөөр нь хэмжээд уралдуулдаг байхаар зохицуулж өгөх нь уяачдад их чухал хэрэгтэй байна. Уяачид сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулдаг болчихвол ямар нэг маргаан гарахгүй гэж үзэж, үүнийг нь дэмжиж байгаа. Иймд УИХ-ын гишүүд гээд хууль хэлэлцэж байгаа хүмүүс нь шийдвэрлэнэ гэж итгээд хүлээж байна.

-Наадамд уралдах мордио одооноос бэлдэж байгаа уяачдын хувьд зардал, төсөв хэр гардаг вэ. Энэ жилийнх шиг өвөлжилтийн нөхцөл байдал хүнд үед хурдан мордио тэжээхэд илүү их төсөв, санхүү шаарддаг байх ?

Зардал нэлээн гардаг. Ихэнх уяачид маань үүлдэр угсаагаа сайжруулах тал дээр анхаарч энд тэндээс үүлдэрлэг байдалтай сэрвээний өндөр боломжийн адуутай болж байна. Энэ тал дээр уяачид маань санал гаргаж байна. Уралдааны нэг моринд жилийн дөрвөн улиралд өгөх өвс тэжээл, маллагаа, уналга эдэлгээ, уралдаанч хүүхэд, туслах уяачын зардал гарна. Харин өвлийн улиралд сард нэг моринд дөрвөн уут орчим овьёос, таван уут хивэг, 30 боодол өвс өгнө. Нэг боодол өвс 10.300 төгрөгийн үнэтэй байна. Харин нэг уут овьёос 30 мянган төгрөг гэж тооцвол дөрвөн уут нь 120 мянган төгрөг болно. Таван уут хивэг 50 мянган төгрөг гээд үндсэндээ 500 орчим мянган төгрөгний өвс тэжээлийн зардал гарна. Дээр нь туслах уяач, адуу маллагааны ажилтны сарын цалин дунджаар найман адуу маллаад 500 мянган төгрөгний цалинтай байдаг. Ингээд би дунджаар 10 адуу тэжээлээ гэж үзэхэд сард 400 мянган төгрөгний урсгал зардал бас гаргана. Уяачдын маань хөдөлмөр бүтэн жилийнхээ хэмжээнд 12 сардаа бодохоор нэг моринд 4-5 сая төгрөг зарцуулдаг.

-Ийм хэмжээний зардал гаргаж уясан морь нь төрийн наадамдаа тоосоо өргөж чадалгүй хасагдчихаар тун хайран, гомдмоор санагддаг биз дээ ?

Улс, бүс, аймаг, сумын наадмуудад эрлийз гэсэн шалтгаанаар хасагддаг, уяачын хөдөлмөр үнэгүйддэг явдал сүүлийн жилүүдэд их гарсан. Ямар учиртай нь ч мэдэгдэхгүй хасагддаг. Тэр хүний бүтэн жилийн хөдөлмөр үнэгүй болчихож байгаа хэрэг. Уяж бэлдсэн морио наадамд уралдуулж чадахгүй байх нь уяач хүнд таагүй байх нь мэдээж шүү дээ. Тиймээс л үүнийг нэг талд нь гаргаж, мордыг сэрвээгээр нь хэмжиж уралдуулах нь зөв санагддаг. Хурдан мордын сэрвээний өндрийг хэмждэг хууль баталчихвал дарга цэрэг, энгийн малчин ард гэхгүй бүгдийнх морь мордчихдог л болох юм. Харин заасан хэмжээндээ багтаагүй, тэр хэмжээнээсээ давсан нь хасагддаг байдлаар цаашид наадмаа зохиогоод явбал будлиангүй, уяачид ч хоорондоо муудаж талцах зүйлгүй болно шүү дээ. Энэ хууль батлагдвал аймаг ,сум орон нутгаараа талцдаг байдал байхгүй болох юм. ММСУХ-ны долдугаар хуралдаанаар баталсан сэрвээний өндрөөр уралдуулъя гэдэг саналыг 87.6 хувиар дэмжсэн гэсэн. Бид улсын наадамд уралдаж үзээгүй ч ММСУХ ийм шийдвэр гаргасан юм байна лээ. Ер нь бид одоо шинэ цагийн адуугаар уралдах цаг нь болсон юм байна гэдгийг ч орон нутгийн уяачид бид дэмжээд эхэлсэн.Гэвч бид аймгийн наадамдаа уралдчихсан хэрнээ улсын наадамд уралдах гэж очоод хасагдаж байсан жишээг олон харлаа. Би улсын наадамд олон морь хасуулсан хүний нэг л дээ. 2018 оны ММСУХ долдугаар их хурлаар гарсан шийдвэрээс өмнө гэсэн үг. Таны морь бол үүлдэрлэг шингэн дэл сүүлтэй, цагаан тамгатай байна гээд хасдаг байсан. Сэрвээний өндрөөр хэмжих шийдвэр гарахаас өмнө бидэнд зүгээр ямар өндрөөр уралдуулах вэ гэсэн мэдээлэл байсан. Манай аймгийн тухайд ММСУХ-оос гарсан шийдвэрийг сонссоноос хойш тийм асуудал гарах нь багассан. Бас аймгийнхаа ардын хувьсгалын наадмаар төв хорооныхоо шийдвэрээр уралдуулсан. Сэрвээний өндрийг нь хараад тэрнээсээ давсаныг нь хасаад уралдсан.

Хуваалцах:
error: Content is protected !!