Байр түрээсэлж амьдардаг 75-тай ээжээрээ тэтгэврийн зээл авахуулчихаад зодож дарамталжээ

214
0
Хуваалцах:

Нийгмийн бүх л хар бараан мэдээлэл, үйл явдал дунд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг, иргэдийнхээ амар тайвны төлөө зүтгэдэг цагдаа, тэр дундаа Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн Жижүүрийн шуурхай албаныхны бүрэлдэхүүний нэг өдрийн ажил ямар байдгийг сурвалжиллаа.

 

 

“Согтуу хүн агсам тавиад байна”, “Манай эхнэр гуя руу хутгалчихлаа”, “Цоож эвдээд гэрт хулгайч орчихлоо”, “Манай хүүхэд найзуудтайгаа нийлж, хар тамхи татсан бололтой, шалгуулъя”, “Согтуу нөхөр нь эхнэрээ зодоод байна” гэх зэрэг болж бүтэхгүй дуудлага цагдаа нарыг чих амар суулгахгүй.

Тэдний ажил бусдаас онцлог. Ажлын найман цагаар бус, 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Хүний амь бүрэлгэсэн, хулгай, дээрэм, хүчирхийлэл зэрэг гэмт хэргийн шинжтэй бүх л дуудлагад жижүүрийн бүрэлдэхүүн газар дээр нь очих үүрэгтэй. Хөдөлгөөнт эргүүлийнхэн тухайн газрыг хамгаалалтад авсны дараа тэд ажиллаж эхэлнэ.

Энэ удаагийн сурвалжлагын баатрууд бол жижүүрийн бүрэлдэхүүнд багтсан мөрдөн байцаагч, ахмад Б.Бүрэнзэвсэг, эрүүгийн мөрдөгч, дэслэгч Г.Лхагвасүрэн, Б.Пүрэвдорж, криминалистикийн шинжээч, ахлах дэслэгч М.Түмэннаст, жолооч, ахлах ахлагч Б.Бямбасүрэн нар байв.

Энэ өдөр иргэд, албан байгууллагаас ирсэн мэдээллийг шуурхай хуваарилах гол ажлыг нугалж буй жижүүрийн шуурхай албыг ахалж, хошууч Ш.Баатархаан, дуудлага, мэдээлэл хүлээн авагч, дэд ахлагч Н.Анхбаяр, хэлтсийн хариуцлагатай эргүүл, ахлах байцаагч, ахмад М.Мөнхцэцэг нар ажилласан юм.

14.00 цаг. Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, хурандаа Т.Дамбийням биднийг энэ цагт хүлээн авав. Учир нь гэмт хэрэг, зөрчлийн дуудлага оройн цагаар нэмэгддэг, мөн бидний сурвалжлах жижүүрийн бүрэлдэхүүн хонож ажиллах учраас тэр. Тус хэлтэс 11 хорооны 381 мянган га талбай, 113 280 хүн хариуцаж ажилладаг юм байна.

Хариуцсан нутаг дэвсгэрт нь Сансрын үйлчилгээний төв, Баянцээлийн гудамж, ХХААХҮЯ орчмын баар, цэнгээний газрууд гээд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуйн нэгж хамгийн олон. Тодруулбал, III, VII хороонд гэхэд л караоке 12, баар 11 байх жишээтэй. Энэ хэрээр хэрэг, зөрчил их гарна. Энэ оны эхний арван сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 7334 гомдол, мэдээлэл хүлээн авч, шалгасны 62.8 хувь нь гэмт хэргийн, 37.2 нь захиргааны зөрчлийн шинжтэй байсан нь өмнөх оны мөн үеэс 500 хэрэг буюу 33.7 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг Т.Дамбийням хурандаа онцолсон.

08.00 цагт хэлтсийн бүрэлдэхүүн цуглаж, удирдах дээд байгууллагаас ирсэн үүрэг, чиглэл, яаралтай албан бичиг, өмнөх өдөр гарсан гэмт хэрэг, түүний шалтгаан, нөхцөлд дүн шинжилгээ хийнэ. Ямар хэргийг хэн, хэрхэн шалгах, хэргийн газрын анхан шатны үзлэг, нотлох баримтыг яаж цуглуулж, бэхжүүлсэн зэрэгт тасаг, хэлтсийн дарга нар хяналт тавьж, холбогдох албан тушаалтанд нь шилжүүлснээр ажлын нэг өдөр нь эхэлнэ. Энэ сарын 16 буюу пүрэв гаригт орон сууцны гадаа тавьсан автомашины шил хагалж, хулгай хийх, өдрийн цагаар гэр хорооллын айлуудыг ухах, баар, цэнгээний газар цаг хэтрүүлэн ажиллах, насанд хүрээгүй хүнд үйлчилсэн зэрэг зөрчил цөөнгүй гарчээ.

Тиймээс Т.Дамбийням хурандаа эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэсгийн байцаагч нарт үүрэг өгөөд байв. Пүрэв гаригт 146 дуудлага, мэдээлэл хүлээн авч, сураггүй болсон дөрвөн хүнээс хоёрыг нь олсон, эрүүлжүүлэх байранд 11 хүнийг саатуулсан, тус хэлтсийн хариуцсан бүсэд гарсан 13 гэмт хэргийг судалж үзэхэд 11 нь хулгай, найм нь автомашины цонх хагалж, эд зүйлсийг нь тоносон хэрэг байжээ.

14.40 цаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны есдүгээр байрны нэгэн оёдлын цехэд 57 настай эмэгтэй ухаан алдан унаж, амиа алдлаа гэсэн дуудлага ирсэн юм. Гэвч энэ нь жижүүрийн бүрэлдэхүүн 09.23 цагт ирсэн “Манай эхнэр гуя руу хутгалчихлаа” гэсэн эхний дуудлагаа авч хэрэг гарсан газрыг зорьсон үетэй таарав. Тэд нэг дуудлагаас нөгөө рүү амсхийх завгүй очиж, шуурхай ажилладаг юм билээ. Золгүй байдлаар амиа алдсан эмэгтэйн ажилладаг оёдлын цехэд очиход хажуугийнх нь үсчний газрын болон хамт ажилладаг хүн нь байв.

Талийгаач “Даралт ихсээд байна” гээд эмийн сан орж, даралтаа үзүүлэхэд 160 болсон байж. Ингээд ажлын байрандаа сандал дээрээ сууж байгаад гэнэт хойш савж унасан гэнэ. Шавилхан биетэй шинжээч бүсгүй, ахлах дэслэгч М.Түмэннаст цогцост үзлэг хийж, хэд хэдэн зураг авч баримтжуулав. Энэ хооронд мөрдөн байцаагч, ахмад Б.Бүрэнзэвсэг тухайн газрын орчин, нөхцөл байдлыг нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэлээ. Талийгаачийн бие газар унасан хэсгээрээ хөхөрчээ. Үүнийг тэд хүүрийн толбо гэж нэрлэдэг бөгөөд зарим хүн “Зодуулснаас хөх няц болсон” гэж буруу ойлгодгийг тайлбарлав. ШШҮХ-гийн шинжээчид цогцсыг авч явлаа. Хайртай хүнээ алдсан ар гэрийнхэн нь сандарч мэгдэн, цогцсыг өгч явуулахад саад болдог боловч тэд ажлаа хийж буй учраас заавал авч явах ёстой. Хэрэв цогцсыг үлдээвэл нас барсны дараах гэмтэл үүсэх зэргээр тэдний ажилд эрсдэл тулгардаг гэнэ.

Энэ дуудлагын дараа тэд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэсэг залуусыг шалгасан юм. Тухайн орчинд хар тамхины төрлийн бодис, ургамал байгаа, эсэхийг эхлээд тогтоодог аж. Тэд мөнгөн дэвсгэрт хуйлж ашигласныг харахад ямар нэгэн төрлийн хар тамхи хэрэглэсэн нь анхан шатны үзлэгээр тодорхой болжээ. Зам халтиргаа гулгаа ихтэй ч чадварлаг жолоочтой учир дуудлагад шуурхай очиж байлаа. Харин дуудлага бүрт сурвалжлах баг очих боломжгүй байсныг энд дурдах нь зүйтэй болов уу.

18.00 цаг. 21 дүгээр хорооны нутаг, Ганц худагийн задгайд оршин суудаг нэгэн айлд хулгайч орсон дуудлагын дагуу очив. Гэгээ тасарч, бүрэнхий болсон тул дуудлага өгсөн хүн биднийг 500 метр орчим газраас тосож авлаа. Түүний зааснаар гэрт нь ирэхэд хашаан дахь цасан дээр гутлын мөр тод гарсан харагдана. Гэрийн эзэн мөрийг дагаж яваад саяхны хүчтэй шуурганы улмаас унасан хашааны завсраар хулгайч орж ирснийг тогтоосон гэнэ. Харин хулгайч гэрээс буцаж гарахдаа хашааны булан дагаж, цас багатай хэсгээр явжээ.

 

 

 

Үргэлжлэлийг эндээс

Хуваалцах:
error: Content is protected !!