Жүжигчин Жижгээ: Чихрийн машинаа бариад жирэмсэн эхнэрээ дагуулаад мэргэжлийн хяналтынханд хөөгдөөд явж байлаа

253
0
Хуваалцах:

Хошин урлагийн шинэ хэв маяг, урсгалыг харуулсан +17 инээдмийн цувралын жүжигчин Г.Лхагвацэрэн буюу Жижгээтэй ярилцлаа.

 

 

 

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Эндээс яриагаа эхлэх үү?

-Одоогоор Маск продакшныхаа “Хөгжих гэж хөглөж байна даа” тоглолтын ажилтай явж байна. Саяхан Дархан, Эрдэнэт хотуудад тоглосон. Удахгүй зүүн аймгуудад тоглогдоно. “+17” цувралын ангиуд хийгдээд дуусчихсан. Хамгийн сүүлийн ангийг нь саяхан хүлээлгэж өгөөд байна.

-Бүр дуусчихсан гэсэн үг үү?

– Эхний улирлын есөн дугаар дуусч байгаа юм. Цаашид үргэлжлэх төлөвлөгөөтэй байна. Хэзээ яаж хийхээ багаараа ярилцана даа. Харин тавдугаар сараас эхлээд Цогтоо бид хоёр “+17” цувралаараа бүрэн хэмжээний кино хийх төлөвлөгөөтэй ажлаа эхэлчихсэн явж байна.

 

 

 

 

– +17 цувралаар нийгэмд яг юуг өгөхийг хүссэн бэ?

– Инээдмийн төрөл жанрын бүтээлүүд бүх насныханд зориулагдсан байдаг. Харин +17 цуврал зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан инээдмийн контент. Энэ утгаараа илүү хэтрүүлэгтэй, нэмэгдэлтэй гэж ойлгож болно. Бид нэгдүгээрт инээдийг өгөхийг хүссэн. Хоёрдугаарт мэдээж болж бүтэхгүй байгаа зүйлийг, засч чадахгүй байгаа соёлыг хошин байдлаар хөндөхийг хичээсэн. Аливаа сэдэвт үл баригдах фантааз, чөлөөтэй байхаар хийгдсэн. Энэ төсөл дээр “Оранж” энтертайнмент, “Nomadia” Pictures зохиолч Г.Анхбаяр, найруулагч Б.Жаргалсайхан гээд өргөн бүрэлдэхүүнтэй, олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн. Баг хамт олны хувьд санаа нийлж, хагас жилийн хугацаанд энэ төслөө бодит уран бүтээл болгохоор хоёргүй сэтгэл гаргажээ.
-Анхны бие даасан уран бүтээл тань юм байна гэж ойлгож болох уу. Ард нь гарсны дараа энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэгж ойлгож болно. Анх зориглоод эхэлж байхад хүлээж авах болов уу, үгүй болов уу гэсэн айдастай байлаа. Гэхдээ зоригтой орсон. Одоо ард нь гараад харахад сайхан уужим амьсгаа авсан юм шиг болж байна. Ямар нэгэн зүйлийг хүсч зориод ард нь гарах тэр мэдрэмж сайхан юм. Олон сар хоолтой хоолгүй, нойртой нойргүй явсан ингээд ард нь гарчихжээ. Бид хоёулаа тайзны уран бүтээлчид. Дэлгэцийн бүтээл хийхэд туршлага дутсан, алдаа оноотой зүйл олон байлаа.

-Үзэгчид хэрхэн дүгнэсэн бол?

– Хүмүүсийн сэтгэгдэл маш сайхан байлаа. Нэлээд эерэгээр хүлээж авсанд баярлаж сууна. Ер нь алдаа оноогоо дэнслэх хамгийн бодит зүйл бол үзэгчид байдаг. Хоёулаа сууж байгаад л комментуудад анализ хийнэ. Эерэг комментуудаас урам авна, сөрөг коментуудыг дотор нь хоёр хуваана. Зарим нэг коммент доор хэрүүл хийж байдаг хэсэг нөхөд байдаг даа. Тийм хэсгийг нь хаяж жинхэнэ шүүмжлэлтэй хандаж байгааг нь бичиж тэмдэглэж аваад дараагийн ангиуддаа тусгана. Үзэгчид эхний ангиудыг сайн байсан. Сүүлдээ жаахан суларчихлаа шүү гэдэг шүүмжлэлийг хэлж байна. Алдаанаасаа суралцаад хоёрдугаар хэсгийг жигд сайн хийхийг зорьж байна даа.

 

 

 

 

-Яагаад хамтдаа уран бүтээлээ хийх болсон бэ?

-Бид хоёр оюутан байхаасаа л цөөнгүй бүтээлд хамт тоглож, төрөл бүрийн тэмцээн уралдаанд орж байсан. Би СУИС-д суралцаж байгаад КУДС-д шилжиж орсон юм л даа. Тэгэхэд Цогтоо манай доод курсд сурч байж таарсан, ингэж л анх танилцаж байлаа. Яваандаа хуурай ах дүү болоод ямар нэгэн зүйлийг хамтдаа хийе гэж ярьдаг, санаа нийлдэг болсон. Ингээд СУИС-ийн тайзны хөдөлгөөний тэмцээнд сургуулиасаа гурвуулаа анх удаа оролцож байлаа. Оюутан байхдаа янз бүрийн л юм хийдэг байсан. Хуучин ориг пүүз аваад засч янзлаад үнэ хүргээд зарна. Нэг удаа бэлэн байсан пүүзээ зараад дүү нартаа хоол авч өгч байлаа. Энэ мэт олон сайхан дурсамжуудыг хамтдаа бүтээж ирсэн байна. Мэдээж сургуулиа төгсөөд өөр өөрсдийн замаар явсан ч ямар нэгэн зүйлийг хамтарч хийнэ гэсэн бодол хэн хэнд нь байсан. Уулзах бүртээ санаагаа нийлүүлж явсаар хувьсгалын тохироо бүрдсэн гэдэг шиг “+17” инээдмийн цувралд ханцуй шамлан орж ажилласан даа.

-Уран бүтээлээ хамгийн түрүүнд хэнд үзүүлдэг вэ?

– Эхнэртээ, гэр бүлийхэндээ үзүүлдэг. Урлагийн хүн биш учраас яг л үзэгчийн нүдээр харж үнэнийг нь хэлнэ дээ.

-Гэр бүлийнхээ талаар фэйсбүүктээ их нээлттэй байдаг юм билээ. Эхнэртэйгээ анх яаж танилцаж байсан бол?

-Манай хүнийг Гантогтох гэдэг олон улсын бизнесийн удирдлагын мэргэжилтэй. Бид нэг хүүтэй. Одоо гурван настай. Эхнэртэйгээ анх фэйсбүүкээр танилцаж байсан. Манай эхнэр намайг эхэлж өдсөн юм шиг байгаа юм. /инээв/ Нэг танихгүй охиноос чат ирдэг юм байна. Тэр нь юу гэсэн чат байсан гэхээр “Чамайг энэ сайт дээр ингээд бичсэн байна. Ороод үздээ” гэдэг юм байна. Би чинь тухайн үед залуу жүжигчин байсан болохоор гайхаад намайг тоож бичдэг л юм байх даа гэж баярлаад дараад үзсэн чинь дөрвөн сарын нэгэн гэсэн бичиг гараад ирсэн. Тэгээд яагаад над руу сахилгагүйтсэн ийм юм явуулах болов, хэн юм бол гээд фэйсбүүк рүү нь ороод хартал нүдэнд дулаахан, элдэв маяггүй, монгол төрхтэй охин байсан. Гэхдээ бас зурганд юу юугүй итгэхгүй шүү дээ. Хэсэг азнаж байгаад юм бичлээ. “Чи яагаад над руу ийм юм явуулаад байгаа юм” гээд яриа өдсөн чинь өөдөөс уучлаарай би мессэнжертээ байсан бүх хүн рүү явуулсан гэдэг юм даа. Ганц над руу ч онцолж явуулаагүй л юм байна лээ.

 

 

 

Би дотроо Маскын тоглолт үзэж байгаад намайг харж дээ, тэгээд л юм бичсэн байх гээд их юм бодчихсон байсан. /инээв/ Ингэж л анх танилцаж байлаа. Амьдрал ч хурдан өрнөсөн. 10 дугаар сард танилцаад 11дүгээр сард анх болзож ярьж суугаад 12 дугаар сард хадмуудтайгаа танилцаад нэгдүгээр сард бэр гуйгаад гуравдугаар сард манай хүн жирэмсэн болоод, ерөөсөө таван сарын дотор юу юугүй л гэр бүлийн амьдрал руу орчихсон. Миний хувьд Маск продакшнд ороод удаагүй байсан ч гэв гэнэт л эхнэр хүүхдээ тэжээх том үүрэг тулаад ирсэн дээ. Яаж амьдралаа авч явах вэ? Яаж мөнгө олж болох вэ?… гээд олон зүйл толгойд байнга эргэлдэж, янз бүрийн юм хийж эхэлсэн. Тэрний нэг жишээ нь эхнэртэйгээ наадмаар хөөсөн чихэр зарж байлаа. Наадмын үеэр манайх тоглолтгүй, амарчихсан байсан. Хөөсөн чихрийн машиныг хүнээс мөнгө зээлж 500 мянгаар худалдаж аваад чихэр хийж байлаа. Эхнэр том гэдэстэй тэнд модны сүүдэрт суучихсан. Би наана нь хөөсөн чихрээ маналзуулаад л эхний өдөр нэг сая төгрөгийн ашиг хийгээд, 500 мянган төгрөгөөр нь өрөө дараад хоёулаа инээд алдаад харьж байлаа. Тухайн үед нэг өдрийн дотор 500 мянган төгрөг олно гэдэг том зүйл байжээ. Хоёр дахь өдөр нь байхгүй мэргэжлийн хяналтад хөөгдөөд, эндээс хөөхөд нь тэнд очоод, тэндээс хөөхөд нь энд ирээд, чихрийн машинаа тэврээд, жирэмсэн эхнэрээ дагуулаад өдөржин хөөгдсөн. Тэгээд 300 мянгыг л хийсэн дээ. Дараа нь бид хоёр хүргэлтийн хоол ч хийж үзсэн. Ажлынхаа хажуугаар хийж болох бүхэл юмыг оролдож үзсэн дээ. Хүн амьдралын төлөө зүтгээд шантрахгүй яваад байвал үргэлж илүү боломжууд харагдаж байдаг гэж бодож явдаг.

– Залуу гэр бүлийн бат бөх харилцаа юун дээр тогтдог вэ. Таны бодлоор?

– Гэр бүлийн аз жаргал гэдэг бол ерөөсөө л үр хүүхэд элэг бүтэн амьдрал. Хүүхэдтэй болно гэдэг ээж нь ч, аав нь ч маш том хариуцлага үүрч байдаг. Тэрийгээ ерөөсөө тооцоолохгүйгээр салж нийлээд байгаад маш их харамсаж явдаг. Олон жил үерхэхээрээ бат бөх гэр бүл болдог гэсэн ойлголт байхгүй. Ерөөсөө залуучууд өөрсдөө би гэр бүл зохиох насан дээрээ ирсэн үү? гэдэг асуултын хариултыг эхлээд өөрөөсөө олох хэрэгтэй юм шиг байгаа юм. Нэг охинтой нийлээд хөтлөлцөөд алхах чухал биш. Амьдрал дээр гэр бүлээ авч явах нь хамгийн чухал. Ялангуяа эрчүүд ноён нуруутай тэвчээр зорилготой байх ёстой юм болов уу. Эр хүн гэр бүлийн амьдралыг авч явж харин эмэгтэй хүн ухаан зарж чиглүүлэх үүрэгтэй байх миний хувьд ийм л байдаг.

-Ажлынхаа хажуугаар ямар нэгэн бизнес хийж байна уу?

-Уран бүтээлээс гадна айхтар ажил хийж амжихгүй л явна. Харин англи хэл сурч байгаа. Цогтоо бид хоёулаа явж байна. Миний хувьд өглөөний цагууд сул өнгөрдөг. Зурагтай ажилтай цагуудад завгүй байхад өглөөгүүр хоёр гурван цаг хийцгүй байдаг байсан. Тийм учраас тэр цагуудыг хоосон байлгахгүйн тулд хэлний курст явж байна. Залуу хүн өөртөө маш их зорилго тавих хэрэгтэй. Өглөө эрт босох бас их зүгээр юм шиг байгаа юм. Хүн ер нь өөрөө өөрийгөө дайчлах нэг юм гаргаж ирэхгүй бол урсгалаараа л явдаг.
– Лайк, шэйр цуглуулах зорилгоор бүтээлийг нь хуулбарлан фэйсбүүкт тарааж байгаа талаар нэг пост оруулсан байсан?

– Үзэгчдийн сэтгэл ханамжийг нэн түрүүнд тавьсан 30-аад хүний бүрэлдэхүүнтэй баг сэтгэл зүрхээ гаргаж, үзэгчийн нүдэнд өртөхөөргүй жижиг хэрэглэлд ч ач холбогдол өгч ажилласан. Нэг хүний сэтгэл дутахад л бидний хүссэн зүйл нурна. Энэ хугацаанд нойр гэдэг зүйлд дарлуулан, өглөөнөөс авахуулаад үүр цайтал ажиллаж байлаа. Хоёр, гуравхан цаг унтаад, буцаад л зургандаа гарч байв. Бид хоолоо идэж байхдаа ч цувралаа яавал илүү гоё байх бол гэж боддог байлаа. Оюуны бүтээлийг талх шиг л харах хэрэгтэй байх. Мөнгө заралгүй бүтдэг зүйл юм шиг ойлгодог. Одоо үүнийг ойлгуулах хэцүү байх. Олон ч удаа тэмцэж үзсэн. Тэгээд сүүлдээ хичнээн тэмцээд ч нэгэнт төлөвшчихсөн зүйлийг өөрчлөх аргагүй юм байна гэдгийг ойлгосон. Үүнийг бүр цэцэрлэгээс нь эхлээд ёс зүйтэй байхад сургаж үндэс суурьнаас нь эхэлж өөрчлөх ёстой юм шиг байгаа юм. 3000 төгрөг төлөөд, байж болох үнийн саналыг тогтоосон. Гэхдээ сайхан сайхан эерэг зүйлүүд ч их сонсогддог. Арван найз нийлж суугаад нэг нэгээрээ дааж бүх ангийг нь үзсэн тухай бидэнд хэлж байсан.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-Их л томоор харж байна. Гэр бүлийн хувьд дөрвөөс таван хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Уран бүтээлийн хувьд комеди чиглэлээрээ дотоод гэхээсээ илүү гадны зах зээлд орж үзэх зорилго тавьж байна. Магадгүй кино найруулагч болчихсон өөрийнхөө киног найруулаад явж байх ч юм билүү. Зорьж тэмжүүлж байгаа олон юм байна аа. Энэ дашрамд хэлэхэд, хамтын бүтээлд оролцсон бүх уран бүтээлч зураг авалтанд орсон 800-гаад залуусдаа баярлалаа. Мөн бидний уран бүтээлийг залуучууд гэж гололгүй 3000-н төгрөг төлж, дараа дараагийн уран бүтээлд маань хөрөнгө оруулж үздэг Монголынхоо мянга мянган үзэгчиддээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.

 

 

Хуваалцах:
error: Content is protected !!