Б.Дэмбэрэл: Аккумляторын шингэнийг нүх ухаад, шууд хөрсөнд минь шингээж байна!!!

1856
0
Хуваалцах:

 

Дархан цаазат Богд хан уулын бэлд, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалтай гурван үйлдвэр хуучин аккумлятор задалж, дотор нь байх химийн хүчтэй элементүүд хөрсөнд шингээж буй ажээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэлтэй ярилцлаа.

 

-ХУУЧИН АККУМЛЯТОРЫГ СҮХЭЭР ЦОХИЖ ХАГАЛДАГ ГЭЖЭЭ-

 

 

-Баянзүрх дүүргийн ИХТ-ын гишүүд хоёр хоногийн өмнө хуучин аккумлятор задалж боловсруулдаг гурван үйлдвэрт шалгалт хийж, хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Баянзүрх дүүргийн ИХТ-д долдугаар сарын 4-ний өдөр батлагдсан тогтоолоор тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхор тосгонд хуучин аккумлятор задалж боловсруулдаг гурван үйлдвэртэй танилцах, шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан юм. Энэ ажлын хэсэгт дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Онцгой байдал, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналт, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга, ЗДТГ-ын Хот тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтсээс бүрдсэн хүмүүс ажиллалаа. Хуучин аккумлятор задалж боловсруулдаг гурван үйлдвэр ойролцоо байршилд ажиллаж байна.

 

-Дээрх компаниудад үйл ажиллагаа явуулах албан ёссны зөвшөөрөл байсан ууу?

 

-Бидний хамгийн эхэнд очсон үйлдвэр зөвшөөрөлтэй гэж хэлж байгаа боловч гаргаад үзүүлчих бичиг баримт байсангүй. Хоёрдугаарт очсон үйлдвэрийн захирал нь “Зөвшөөрлийн бичиг баримтаа хөөцөлдөж байгаа, манайхыг Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналт, Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалтай үйлдвэр. Үйлдвэрийг цаашид ажиллуулахгүй” гэж хэлээд үйлдвэрээ хаагаад ажилчдаа явуулсан. Гэхдээ энэ үйлдвэр өнөөдөр ажиллаж байгаа үгүйг мэдэхгүй байна. Энэ үйлдвэр аккумлятор доторхи шингэнийг нүх ухаад, шууд хөрсөнд шингээж байсан. Мөн насанд хүрээгүй байх магадлалтай манай дүүргийн 4-5 залуу ажиллаж байсан. Тэд ярихдаа “Бидэнд цалин хөлс өгөөгүй байгаа. Хуучин аккумляторыг сүхээр цохиж хагалдаг” гэж ярьсан.

 

-Хөдөлмөрийн аюулгүй байдал хэр хангагдсан байна вэ?

 

-Эдгээр залуус хөдөлмөр хамгааллын зориулалтын ямар ч хувцасгүй, бээлий, маск байхгүй, маш их хортой, бохирдол ихтэй нөхцөлд ажиллаж байсан. Тус үйлдвэр дээр байсан Солонгос улсын хоёр иргэн, Хятад улсын хоёр иргэнийг цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу шалгасан. Хамгийн сүүлд очсон үйлдвэр биднийг ирж буй сургаар гараад зугтаагаад явчихсан. Дүүргийн цагдаагийнхан хойноос нь машинтай хөөцөлдөөд дийлээгүй. Тухайн үйлдвэрийн хятад ажилчид хашаагаа даваад зугтаасан. Уг үйлдвэр агуулах дотроо маш их хуучин аккумлятор овоолсон, түүнээс шингэн нь асгараад хөрсөнд нэвчсэн байдалтай байсан. Мөн хуучин аккумлятор дүүрэн ачсан ачааны машин үйлдвэрийн хашаанд орж ирсэн. Жолоочоос нь энэ хуучин аккумляторыг хаанаас авдаг вэ гэтэл “Би хувиараа ачааныхаа машинаар ачаа зөөдөг хүн. 32-т байдаг хоёрдогч түүхий эдээс энэ үйлдвэр хүртэл хүргээд өг гээд 150 мянган төгрөг өгсөн” гэх тайлбар өгсөн. Энэ үйлдвэрийн эзэн, ажиллуулдаг хүмүүсийг тогтоож чадаагүй ээ.

 

 

-Эзэн холбогдогч нь тодорхойгүй тус үйлдвэрт манаач гэх хүмүүс байх юм уу?

 

-Манаач сахиулаар ажилладаг эмэгтэй байсан. 0-17 насны дөрвөн хүүхэдтэй. Эдгээр дөрвөн хүүхэд орчны болон хөрсний маш их бохирдолтой газар амьдарч байна. Хуучин аккумлятор задалж боловсруулдаг нэг үйлдвэртэй нь залгаад хүнсний ногоо тариалдаг талбайнууд байдаг. Одоогийн байдлаар хүнсний ногоо нь ургачихсан байна. Мөн 100 метр хүрэхгүй зайд малчин айл байна. Хуучин аккумлятор задалж боловсруулдаг гурван үйлдвэр дархан цаазат Богд уулын араар урсдаг Хөлийн голын эх, Холбоо нуурын тархин дээр байрлаж байна. Хөлийн гол Хатан Туултай нийлж урсан нийслэлчүүдийг ундны усаар хангадаг. Хөлийн голын хөвөөг зуны цагт нутгийн малчид дагаж ундаалдаг, хүнсний ногоо тариаланчид энэ голын эргээр суурьшиж амьдардаг. Тариаланчдын тарьсан ногоо тун удахгүй нийслэлчүүдийн хүнсэнд хэрэглэгдэнэ. Тэгэхээр энэ асуудал бол маш их асуудалтай, ноцтой зүйл юм. Ажлын хэсэг албан ёсоор дүгнэлтийг гаргаагүй байна. Гэхдээ өнөөдөр яагаад танай сайтад ярилцлага өгч байна гэвэл.

 

Нэгдүгээрт: Хуучин аккумляторыг задалж боловсруулдаг гурван үйлдвэрийн хууль бус үйл ажиллагааг олон нийтийн анхааралд оруулмаар байна.

 

Хоёрдугаарт: Төр засгийн байгууллагууд, Мэргэжлийн дээд байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шадар сайд, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа аваач ээ.

 

Энэ асуудал дунд, доод шатандаа ашиг сонирхолын зөрчлөөр дарагдах магадлалтай. Яагаад гэвэл нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр дээр гурвын гурван үйлдвэр маш удаан хугацаагаар тусгай зөвшөөрөлгүй ажилласан байна. БНХАУ-ын дурын нэгэн иргэн хүний гарт хөндөгдөөгүй сайхан байгальтай газар хууль бусаар үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Эдгээр үйлдвэрүүдийн цаана хууль эрх зүйг нь зохицуулж өгдөг хүмүүс байдаг болов уу гэж хардаж байна.

 

 

 

-АККУМЛЯТОРЫН ШИНГЭНИЙГ НҮХ УХААД, ШУУД ХӨРСӨНД ШИНГЭЭЖ БАЙНА-

 

-Энэ гурван үйлдвэр ойролцоогоор хичнээн метр куб хөрсийг бохирдуулсан бол. Та бүхэн тооцоог нь гаргасан уу?

 

-Хөрсний бохирдол хэр их байгааг фото зургаас харагдаж байгаа. Армартурын төмөр аккумляторын шингэнд идэгдэж, зэвэрсэн харагдсан. Төмрийг идэж буй хүчтэй химийн бодис хөрсөнд шингэхээрээ ямар хор хөнөөл учруулах нь ойлгомжтой. Эдгээр үйлдвэрүүд хүчил, шүлт нэвчсэн газрын хөрсийг нуун дарагдуулахын тулд хайрга, дайрга авчирч дэвссэн байгаа юм. Хөрсний бохирдолыг дүүргийн мэргэжлийн хяналт албан ёсны дүгнэлтээ гаргана. Бид одоо нүдэнд ил харагдаж буй гамшгийг л яриад байгаа юм.

 

-Хөлийн гол руу аккумляторын шингэн орсон байх магадлал байна уу?

 

-Байлгүй яах вэ дээ, Хөлийн голтой нэг үйлдвэр нь 30-40 метрийн зайд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

-Сая шалгалтаар явахдаа ноцтой зөрчил илэрсэн гурван үйлдвэрийг лацадсан уу?

 

-Лацдаагүй, яагаад гэвэл Иргэдийн хурлын төлөөлөгчдөд лацдах хууль эрх зүйн орчин байхгүй. Бид шаардлага тавина, хууль сурталчилна үүсээд буй нөхцөл байдлыг дээд шатны байгууллагад уламжлах үүрэгтэй.

 

 

 

-ХОНХОР ТОСГОНД АМЬДАРДАГ ИРГЭДИЙН БИЕ ЗАГАТНАЖ, АМЬСГАЛ НЬ ДАВХЦДАГ БОЛСОН-

 

-Хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гурван үйлдвэр хуучин аккумляторыг задалж ямар бүтээгдэхүүн хийдэг юм бол?

 

-Автомашины хуучин аккумлятор цуглуулж хагалаад, гадна талынх нь хуванцар гэрийг хагас дутуу шатаагаад орхисон байгаа юм. Энэ нь эргээд л хог болно. Химийн маш хортой хар тунгалгыг ялгаж аваад шатааж хайлуулаад гулдмай болгон БНХАУ руу гаргадаг гэж байгаа юм. Хар тунгалагны талаар бид мэргэжлийн байгууллагаас, эрдэмтэн судлаачдаас асуухад гурван янзаар хүнийг хордуулдаг юм байна. Тодруулбал, хорт хавдар үүсгэдэг, хүний сэтгэцэд нөлөөлдөг, хамгийн аюултай нь хар тунгалганы хордлого хүний генд буюу удамд нөлөөлж хэдэн ч үеийг дамжиж болно. Баянзүрх дүүрэгт “Да хүрээ”, “Нарантуул”, “Өгөөмөр” гэсэн захуудад хар тунгалганы хордлого нэлээд өндөр байгаа. Гэтэл манай дүүргийн хамгийн эко хороо болох Хонхор тосгон, Богд уул, Хөлийн голын хөрс хар тунгалгад хордож байна. Хуучин аккумлятор буюу хаягдал хогийг дахин боловсруулах нь зөв. Гэхдээ яагаад Богд уулын бэл, Хөлийн голын эхэнд үйл ажиллагаа явуулах ёстой гэж. Хөрс нь аль хэдийнэ бохирдсон Улаанчулуут, Цагаан даваа, Морингийн давааны хогийн цэг дээр эдгээр үйлдвэрүүдийг байгуулаач гэдэг хүсэлтийг Хотын захиргаа болон Ерөнхий сайд, Шадар сайдад уламжлаад байгаа юм.

 

-Хонхор тосгон хичнээн хүн амтай вэ. Сая таны ярьсан зүйлийг сонсоод эл тосгоны иргэд хар тунгалгад хордсон байх магадлал тун өндөр юм байна гэж ойлголоо?

 

-Баянзүрх дүүрийн 11 дүгээр хорооны нутаг, Хонхор тосгонд 12 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Мөн энэ тосгонд эмэгтэйчүүдийн хорих, эрэгтэйчүүдийн хорих, радио станц, төмөр зам гээд олон байгууллага бий. Энэ тосгоны иргэд хар тунгалгад хордсон байх магадлал тун өндөр. Яагаад гэвэл үйлдвэрүүдийн хажууд нь амьдардаг иргэд, хүүхдүүд хордсон янз янзын дүгнэлтүүд гарсан талаар хэвлэл мэдээллээр цацагдсан материалууд байна.

 

-Та бүхнийг иргэдтэй уулзалт хийгээд явж байхад “Бид хар тунгалгад хордож байна, ийм ийм шинж тэмдгүүд илэрч байна” гэж ярих юм уу?

 

-Хонхор тосгонд амьдардаг иргэдийн бие загтнадаг, амьсгал нь давхацдаг. Хоёр хоногийн өмнө бид шалгалтаар хуучин аккумлятор задалж боловсруулдаг гурван үйлдвэртэй танилцахаар 5-6 цаг ажиллахад хоолой загатнаад, ажлын хэсгийн зарим хүмүүсийн толгой нь өвдөж, бөөлжис нь цутгасан.

 

-Танай дүүргийн Иргэдийн хурал цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

 

-Баянзүрх дүүргийн ИХТ-д энэ гурван үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоотол иргэдтэйгээ хамт тэмцэнэ. Иргэд хар тунгалганы хор хөнөөлийн талаар мэдлэг муу байна. Бид тус үйлдвэрүүдэд ажилладаг сахиул ажилтануудтай уулзаж “Хар тугалга химийн маш хүчтэй элемент. Хүний биеийг маш их хордуулдаг” гэж ярихад иргэд “Даанч тийм байх аа, манай хүүхдүүд өвчин ороогоод хэцүү байсан юм. Бие загатнаад, орой болохоор ямар ч шалтгаангүй бие нь сульдаж ядардаг” гэж ярьж байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас хар тугалганы хордлого, химийн бодистой зөв зохистой харьцах талаарх мэдлэгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд өгмөөр байна.

 

 

 

Хуваалцах:
error: Content is protected !!