​Махыг хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлдэг

344
0
Хуваалцах:

Эрүүл зөв хоололт тэр дундаа махны хэрэглээ, махыг хэтрүүлэн хэрэглэснээр хүний эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөөтэй талаар “Гранд Мед” эмнэлгийн хоол зүйч Д.Долгормаатай цөөн хором ярилцлаа.

-Хүн өдөрт хэдий хэмжээний мах хэрэглэж байж биед хэрэгтэй шим тэжээлээ авдаг вэ?

-Дэлхийн хоол зүйн шинжлэх ухааны судалгааны үр дүнгээс үзвэл хүний биед хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг мах нь улаан мах байдаг. Гэхдээ улаан махны хэрэглээ хэмжээнээсээ хэтэрсэн тохиолдолд хүний биед сөрөг нөлөө үзүүлнэ. Бид идэж буй хоол хүнсээрээ дамжуулан зургаан төрлийн шим тэжээлийг биедээ авах ёстой байдаг юм. Махны тухайд хүний биеийн уургийг нөхөж, тэнцвэржүүлж байдаг. Тэгэхээр тухайн хүний өдөрт хэрэглэх ёстой уургийн хэмжээг тооцож үзэх нь чухал. Өдөрт биедээ шим тэжээл болгон авч байгаа нийт уургийн 30 орчим хувь нь ургамлын гаралтай уураг байх ёстой. Тиймд хүн өдөрт ойролцоогоор 150-200 грамм мах хэрэглэх нь зохистой хэрэглээ.

-Ер нь махны хэрэглээ ихэссэнээр яагаад эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг талаар тайлбарлахгүй юу?

-Махыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Уургийг зөвхөн махнаас бус өндөг, сүүн бүтээгдэхүүнээс мөн авна. Биед байх ёстой уургийн хэмжээ хэтрэх юм бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, хүндрэл үүсэх тал олон бий. Тухайлбал, бөөрөнд асуудал үүснэ. Бөөр нь биед орж ирж буй уургийг шүүж байдаг. Уургийн хэрэглээ хэтэрснээс бөөрний ачаалал нэмэгдэж, асуудал үүснэ.

Мөн махны хэт их хэрэглээ бүдүүн гэдэс, цаашлаад хоол боловсруулах эрхтэнд сөрөг нөлөөтэй. Махыг өдөр бүр их хэмжээгээр хэрэглээд байх юм бол түүнийг задалж, боловсруулж буй ходооны ачаалал эрс нэмэгдэж, хүчил ялгаруулах процесс нь алдагддаг. Ингэснээр хоол шингэхээ больж, ходоодонд ялзрал явагдаж, улмаар ходоодонд өнгөр тогтож байдаг. Шингээж чадахгүй байгаа их мах ходоодонд бага багаар хуримтлагдаж ходоодны хананд үлдэнэ гэсэн үг. Ходоодны хавдар гэдэг зүйл бол ходооны хүчил хэт их эсвэл бага хэмжээгээр ялгарснаас үүсэлтэй байдаг. Тэгэхээр ходоодны хавдарт нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь махны хэт их хэрэглээ байж болно. Ходоодны хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн үг.

Монголчууд ходоод гэдэсний ачааллыг тэнцүүлэхийн тулд гэдэс цайлгах буюу зундаа махны хэрэглээгээ бууруулж, сүү цагаан идээгээ түлхүү хэрэглэх нь маш зөв юм.

-Өвчтэй малын мах, тэр дундаа шүлхийтэй мах, эсвэл шүлхийн вакцинтай мах эрүүл мэндэд сөрөг нөлөө бий юу?

-Шүлхийн вакцин хийлгэснээс хойш 14-21 хоногийн хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэхийг хориглодог. Хориотой хугацаанд тухайн малын мах, сүүг хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ямар ч вакцинд үйлдвэрлэгчээс тодорхой хэмжээний хугацаа заасан байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг сэрэмжлүүлж буй хугацаа. Шүлхийн вакцин ч ялгаагүй. Заасан хугацааг нь дуусаагүй байхад мах, сүүг нь хэрэглэсэн бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Улаан махыг хэрэглэхийн өмнө маш сайн угааж, цэвэрлэж байх хэрэгтэй. Гэдэсний төрөл бүрийн паритиз, нянгууд махны хэрэглээнээс шалтгаалж үүсдэг. Өвчтэй малын мах идсэн хүний дархлаа ямар байгаагаас шалтгаалаад өөр нэг өвчний эх үүсвэр болж болно. Тухайн үедээ ямар нэг асуудал гарахгүй байсан ч хожим хэдэн жилийн дараа сөрөг нөлөө нь илэрч болно гэсэн үг. Тиймд махны эрүүл ахуйг маш сайн хангаж, наанадаж шинжилгээний бичигтэй мах хэрэглэж байх нь зүйтэй.

-Буцалгаад хэрэглэж байгаа махны нян нь устдаг учраас эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөө байхгүй гэсэн ойлголт бий. Энэ зөв үү?

-Буцалгасан ч тэр дунд амьдрах чадвартай устдаггүй шимигчид гэж бий.

Хуваалцах:
error: Content is protected !!