С.Мөнхчулуун Ерөнхий сайдын босгыг давсангүй, одоо хэн бэ

207
0
Хуваалцах:

С.Мөнхчулуун Ерөнхий сайдын босгыг давсангүй, одоо хэн бэ

– Ирэх Баасан гарагт НИТХ хуралдаж хотын даргад нэр дэвшигчээ тодруулна-

Үүрэг гүйцэтгэгчийг эс тооцвол Нийслэл хот даргагүй өвөлжөөд одоо хаваржиж байна. НИТХ-аас олонхийн санал авч Хотын даргаар сонгогдоод байсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй гэдгээ өнгөрөгч Баасан гарагт албан ёсоор илэрхийлж, энэ тухай албан бичгээ НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүллээ. Уг албан бичигт ““НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Нэгэнт Ерөнхий сайдын шалгуурыг давж чадаагүй болохоор С.Мөнхчулууны хувьд хотын даргын суудал холдоод явчихаж байгаа нь энэ.

Ерөнхий сайдын энэ шийдвэртэй зэрэгцээд дараагийн хүн хэн бэ гэсэн асуулт хөвөрч эхэллээ. Хүлээлттэй байсан С.Мөнхчулууныг нэгэнт батламжлахгүй гэдэг нь тодорхой болсон учир одоо хотын даргыг тодруулах процедур шуурхайлж мэдэх юм.

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дэд дарга Х.Нямбаатар өнгөрөгч Баасан гарагт “Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-нд НИТХ хуралдана” гэж хариулжээ. “Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас (С.Мөнхчулууныг) татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ“ гэдгийг мөн тодотгосон байх юм.

Ном журмаараа бол одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах ёстой болж байна. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм. Х.Нямбаатар гишүүний хэлснээс харвал энэ долоо хоногийн Баасан гарагт ИТХ хуралдаж нэр дэвшигчээ тодруулах нь бараг тодорхой болж байна.

Харин дараагийн хүн хэн байх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж ардаа асуултын тэмдэгтэй хэвээр байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн С.Амарсайхан санал хураалтад бүдэрсэн болохоор түүний нэрийг дахин дэвшүүлэхгүй биз ээ. Түүний оронд одоогийн үүрэг гүйцэтгэгч Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илүү боломжтой байж мэдэх юм. ИХТ-ийн дотор түүнийг дэмжигчид цөөнгүй бий гэх юм билээ.

Өөр нэг боломжит хувилбар бол Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг гэлцэж байна. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчтэй дэмжиж байгаа гэх мэдээлэл ч бий. Т.Гантөмөрийн хувьд хотын ажлыг мэдэхийн дээдээр мэдэх нэгэн. Тэр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргээ цэцэрлэгжүүлж, тохижуулах тал дээр ихээхэн чармайлттай ажиллаж олонд танигдсан нэгэн билээ. Одоо хотын Ерөнхий менежер, нийслэлийн хамаг сайн муутай зууралдаж байгаа хүн.

Хотын даргад анхаасаа эхлээд яригдаж байгаа хүний нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан юм. Тал талын дэмжлэгтэй гэдгээрээ тэр НИТХ дээр өвдөг шороодохгүй гараад ирэх боломж хамгийн боломжит хувилбар гэдэг нь тодорхой.

цааш үзэх

Хуваалцах:
error: Content is protected !!