С.Мөнхчулуун: Би хотын даргад дахин нэрээ дэвшүүлнэ

28
0
Хуваалцах:

Хотын даргад заалнаас нэрээ дэвшүүлж, олонхын дэмжлэг авсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан хариугаа энэ сарын 15-нд НИТХ-ын дарга С.Амарсайханд илгээсэн билээ.

НИТХ-аас хотын даргын нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад илгээхэд татгалзсан хариу өгсөн бол түүнээс хойш 15 хоногийн дотор НИТХ хуралдаж нэр дэвшигчийг дахин тодруулдаг хуультай. Ийнхүү хоёр дахиа хуралдаж тодруулсан хотын даргыг Ерөнхий сайд татгалзах эрхгүйгээр тав хоногийн дотор батламжлах ёстой юм.

Тодруулбал, ирэх сарын 1-ний өдөр гэхэд Нийслэлийн засаг даргын нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад хүргүүлсэн байх ёстой.

Мөн өмнө нь буцаагдсан нэр дэвшигч дахин нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байдаг.

Нэгэнт Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлахаас татгалзсан ч түүнд дахин нэг хуулийн боломж бий гэсэн үг. Гэвч С.Мөнхчулууныг дахин нэрээ дэвшүүлбэл МАН-аас хасах арга хэмжээ авна гэх бор шувуу нисэж эхлэв.

Яг энэ цагт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж байгаа нь ч дээрх яриатай холбоотой байхыг үгүйсгэх аргагүй юм.

Харин С.Мөнхчулуунаас дахин нэрээ дэвшүүлэх эсэх дээр ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах НИТХ-ын ээлжит бус хурлын үеэр намайг заалнаас нэрээ дэвшүүлэхэд санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 56-57 хувь нь дэмжсэн. Мөн Ерөнхий сайдаас татгалзсан бичиг ирүүлснээс хойш намайг дэмжиж буйгаа иргэд илэрхийлсээр байгаа. Тиймээс тэдгээр хүмүүсийн үзэл бодлыг хүндэтгээд би дахин нэрээ дэвшүүлнэ.

Намайг заалнаас нэрээ дэвшүүлснээс хойш намаас хөөнө гэх яриа гарах болсон. Гэхдээ намын Хяналтын ерөнхий хороо энэ асуудлаар хуралдах бол надад мэдэгдэх ёстой. Тухайн гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол өөрийг нь байлцуулдаг. Одоогоор надад мэдэгдсэн зүйл алга” гэсэн хариулт өглөө.

Энэ сарын 22-нд НИТХ хуралдахаар товлоод байгаа. Гэхдээ хэлэлцэх асуудлыг дараалалд засаг даргын асуудал одоогоор байхгүй байгаа ажээ.

ikon.mn

Хуваалцах:
error: Content is protected !!